Зохиолч дүүгийн номыг алс холын төрөлх нутгаасаа хүлээн авч уншсандаа туйлын их баяртай байна.
Харахад нимгэвтэр, жижигхэн ном байлаа. Гэвч "Бие нь бага боловч бэлчээр нь том" гэгчээр хүнд өгөх ухаарал нь агуу юм.
"Шөнийн цонхны яриа" Амьдралын түмэн янзын өнгө аясыг бичлэгийн өвөрмөц аргаар, "шөнийн цонхны яриа" хэлбэрээр гаргасан нь сонирхолтой санагдлаа. Зохиолч хүний гярхай нүдээр эргэн тойрноо нарийн анзаарч явдаг нь ажиглагдлаа. Бидэнтэй хамт амьдардаг, бидний эдэлж хэрэглэдэг эд зүйлс маань элдвийг хүүрнэдэгсэн бол нээрээ л иймэрхүү зүйлс ярилцах байсан болов уу.
"Эхийн тухай үлгэр" Ээжүүд бид үр хүүхдүүдээ эд зүйлсээр дутаахгүй, элбэг хангалуун амьдруулах юмсан гэж зүтгээд байдаг болохоос тэднийгээ эцэг эхээ хайрладаг, ер нь хүнийг хайрладаг сэтгэлтэй болгох, хүний дотоод сэтгэлийн гоо сайхныг мэдэрдэг болгон хүмүүжүүлэхдээ дутуу анхаардаг юм байна даа гэдгийг энэ зохиолоос ухаарч авлаа. Гоо сайхан гэдэг өргөн ойлголт бөгөөд харагдах гоо сайхнаас гадна сэтгэлийн гоо сайхан гэдэг агуу зүйл байдгийг урнаар өгүүлжээ.
"Диваажингийн хоригдлууд" Энэ өгүүллэгийн нэр нь их сонирхолтой. Юм бүхэн хүссэнээр нь болдог, жаргалын оронг "Диваажин" гэх. Гэтэл өөрийн гэсэн эрх мэдэлгүй, хийсэн муу хэргийнхээ улмаас нийгмээс тусгаарлагдан хоригдож буй хүнийг "Хоригдол" гэх. Яахаараа аз жаргалын алтан орон "Диваажин"-д "Хоригдлууд" байдаг бил ээ? Асуултынхаа хариуг олохоор уншлаа.
Ертөнцийн бүх юмс хоёр талтай байж бие биеэ нөхцөлдүүлж бүрдүүлж байдаг хийгээд аль нэг тал нь байхгүй амьдрал амтгүй, ямар ч утга учиргүй, яг нэг хайрцагт хоригдсон мэт ажээ. "Аяндаа олдсон чихрээс арайхийж олдсон ааруул амттай" гэсэн манай ардын үг юутай үнэн.
"Нүгэл" Хүн хүүхэд байхдаа ямар ч муу санаагүй, юмыг дандаа сайхнаар төсөөлж мөрөөдөж байдаг ариухан амьтад байдаг. Тэгээд яагаад бид нас нэмэхийн хэрээр нүглээ нэмээд байдаг юм бол доо?, Нүгэл гэж юу юм бэ?, Ямар зүйлийг нүгэл гэж ойлгох вэ? Нүгэл гэж харьцангуй ойлголт уу? Хүнд нүгэл хийхгүй байх боломж бий юу? гэсэн түмэн асуулт толгойд минь эргэлдэж байна.
"Хаалга" Хаалгаар эрж яваа насныхаа хань, хувь тавилан, амьдралын заяа төөрөг гээд л уншигч эрхэм та юуг ч төсөөлөн бодох боломжтой бололтой.
Өөр өөрийн өнгө аяс, араншингаа илтгэсэн олон хаалгууд нээлттэй байж түүнийг урин дуудаад байхад цаана нь юу байгаа нь үлмэдэгдэх дүнсгэр, хаалттай хаалгыг сахин залуу насаа үдэх нь юутай гунигтай.
Өөрийнх нь мэдэхгүй байгаа нууцлагдмал зүйл хүний хорхойг хөдөлгөж, хүслийг татдаг нь ертөнцийн жам уу? Эсвэл хүний араншин уу? Зарим үед дэндүү их хүслээ хазаарлах нь зөв ч юм уу?
Ийнхүү зохиолч бүсгүй Х.Болор-Эрдэнийн "Диваажингийн хоригдлууд" номын 20 өгүүллэг тус бүрдээ бодох зүйл ихтэй байж "Нүдээрээ биш зүрхээрээ" уншихыг шаардсан шүү.
Зохиолч дүүдээ уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ном маань дараагийн уншигч Монжигийнх руу айлчлахаар мордсон болно.


Сэтгэгдэлүүд:
Asur: Хүүш ээ, чи намайг таньдаг юм уу? Өөрөө дээр Чикагод гэж бичлэг хийснээ мартаад намайг хаана байдгийг мэддэг юм уу? гэж асууж энэгтэх гэж байна,ккк.
Hilde: Дүү хаана байдаг гэл ээ?
Асур чамд нэг юм хэлээд л байна. Чи мэдээгүй юм уу?
Асур: Таньдагаар барахгүй хайртай гэнэ иййй,ккк. Ямар гоё юм бэ.
Соно78: Сайн, сайн уу, хөө. Номын дэлхийг тойрох аяллын талаар Ангарагийн блог дээр тодорхой байгаа. Чи хүсвэл унших боломжтой.Яаж гэдгийг ерөнхйи менежер Ангараг мэднэ. Түүнтэй холбоо бариарай, хөө.
Харин Асур сайхан зүйл хэлсэнийг сая л харлаа.
Болор7эрдэнэ: Дүү сайн уу? Хэхэхэ, чиний очоогүй газар ном нь аялж явна уу? Зохиолч нь удахгүй дэлхийг тойрох байх өөө.
Ном чинь "Зохиолч минь ээ ном нь тив тивээр аялаад олон янзын хүмүүстэй уулзан золгож сонин ихтэй очно оо" гэж хэлсэн шүү.
Ама: Сайн, сайн уу, эгчийн хөөрхөн дүү. Дүү хайрынхаа баланд согтууранхан, шүлэг найргаа туурвинхан байна ууу? Танайхаар бууж мордоно оо, удахгүй.
3 хоног ч номоо яг сууж тогтож уншаад банжигаар ч орсонгүй шд,ккк. Нэг хүн дээр удаж болохгүй болохоор.
Сэтгэгдэл үлдээх: